ХЭМЖИЛ ЗҮЙ - METROLOGY

Хэмжил бол хүн төрөлхтний байгалийг танин мэдэх арга замуудын нэг юм. Хэмжил нь шинжлэх ухааны мэдлэгийн үндэс болох ба материаллаг нөөцийг тогтоох, бүтээгдэхүүний чанарыг хангах, технологийн хөгжил, үйлдвэрлэл, автомажуулалт, стандартчилал, хөдөлмөрийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт хүний үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.  Хэмжил нь бидний хүрээлэн буй ертөнцийн шинж чанар, тэдгээрийн зүй тогтолыг тоон утгаар илэрхийлдэг. Тийм ч учраас оросын эрдэмтэн Д.И.Менделеев “Хэмжиж эхэлсэн цагаас шинжлэх ухаан хөгжсөн” гэж хэлсэн байна. Хэмжил нь алс тэртээх огторгуйн биетээс эхлээд, атомыг бүрдүүлэгч хамгийн эгэл жижиг хэсгүүд, нарны цөмийн энергийн температураас кирогенийн нам температур хүртэл, цахилгаан соронзон долгионы хэмжил хүртэл маш өргөн хүрээтэй. 

Хэмжил зүйн шинжлэх ухааны дараах  асуудлыг авч үздэг.

  1. Хэмжигдэхүүний нэгжийг дэлхий нийтээр нэг утгатай тодорхойлох (ОУ-ын нэгжийн СИ систем – SI units)
  2. Нэгжийн тодорхойлолтыг практикт хэрэгжүүлэх арга, аргачлал, судалгаа шинжилгээ (хэмжлийн анхдагч эталон – measurement standard)
  3. Нэгжийн хэмжээг дамжуулах, хадгалах, харьцуулан дүйлгэх (шалгалт тохируулга нэгж дамжуулалт -ensuring traceability in measurement) 

Хэмжил зүйн нэгж дамжуулалт

Хэмжигдэхүүний нэгжийн хэмжээг дамжуулах буюу “нэгж дамжуулалт” гэдэг нь хэмжлийн үр дүнгийн шинж чанар бөгөөд өөр өөрийн хэмжлийн эргэлзээг агуулсан  шалгалт тохируулгын тасралтгүй хэлхээний үе шат бүрд тухайн хэмжигдэхүүний нэгжийн эталоны хэмжээгээр тодорхойлогдсон байхыг хэлнэ.  (measurement traceability–мөшгөх боломжтой байх).

Физик хэмжигдэхүүний нэгжийн хэмжээг бусад хэмжих хэрэгсэл, хэмжүүрд хуулбарлан, дамжуулахдаа  эталон эсвэл үлгэр жишээ хэмжих хэрэгсэл ашиглана. Хэмжлийн нэгж буюу түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, түүнийгээ хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай, өндөр найрийвчлал бүхий хэмжих хэрэгслийг хэмжлийн нэгжийн эталон гэнэ.  (англи– measurement standard)

Өөрөөр хэлбэл хэмжих хэрэгсэл, хэмжлийн эталоны шалгалт тохируулга хүчин төгөлдөр байхын тулд тэдгээрийн утга үндэсний болон олон улсын эталоны утгатай хамааралтай байх явдал юм.  

Хэмжил зүйн үйл ажиллагааны ангилалууд